Эртээ урьдын цагт үлгэрийн хөтөч Үнэгхэн байж гэнэ. Үнэгхэн нь ном унших цагаар амилж бяцхан хүүхдүүдийг үлгэрийн орноор дагуулан, гай барцад, хорон санаатнуудаас хамгаалдаг ажээ.
0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэсэн, хүүхдийг төрсөн цагаас нь ном уншихын ач холбогдлыг таниулах зорилготой олон нийтийн нөлөөллийн аян билээ.
Ном уншиж буй хүнтэйгээ сэтгэлийн нандин холбоо үүсэх том боломж байдаг ба гэр бүлд дулаан уур амьсгалыг бий болгодог.
0-5 настайд нь тогтмол ном уншиж өгдөг байсан хүүхэд бичиг үсэг тайлагдсан сургуульд ордог ба хичээл хоцрогдолд ордоггүй байна.
Ямар ч асуудлыг шийдвэрлэж, бэрхшээлийг даван туулах чадварт бүтээлч сэтгэлгээ хамгийн чухал .
Бага насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид цаг нартай уралдан амьдардаг. Хүүхдээ хооллоно, асарна, унтуулна. Гэрээ цэвэрлэнэ, ажлаа хийнэ, өөрийгөө хооллоно. Өдөр тутмын зайлшгүй хийх ажлууд дундардаггүй нь үнэн ч, хүүхдэдээ ном уншиж өгөхийг та хэр чухалчилдаг вэ?
Хүүхэдтэйгээ хамт ном уншихад өдөрт ердөө л 15 минут зарцуулахад хангалттай байдаг. Өдөр бур 15 минут ном уншихад л хүүхэд тань ирээдүйд бүтээлч, энэрэнгүй, сониуч болж, идэвхтэй сурагч болон төлөвшдөг байна.
2 сартай хүүхдэд зориулсан ном байдгийг та мэдэх үү? Нас насных нь онцлогт тохируулж ном сонгох нь чухал тул та бидний санал болгох номуудтай танилцаж, хүүхдэдээ тохирох номыг нь хамтдаа уншаарай.
Бид тогтмол “Үлгэрийн Цаг” ном унших арга хэмжээг зохион байгуулж байна. Хэрэв та хүүхэдтэйгээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж хүүхдэдээ ч хөгжилтэй, өөрөө ч ном унших арга барилд суралцмаар байгаа бол дараах арга хэмжээнүүдийг сонирхоно уу.
Орон орны 100 гаруй онц сонирхолтой, өхөөрдөм зурагтай ном, үлгэрүүдийг Монгол хэл дээр хүүхэдтэйгээ хамтдаа унших үнэ төлбөргүй номын сангаар зочилж, үлгэрийн ертөнцөөр аялахыг урьж байна.
Үлгэрийн орноор аялж өссөн хүүхдүүд том болоод мэдлэг боловсролын эрэлд гарч, өөртөө итгэлтэй, асуудлыг айдасгүй шийддэг хүчирхэг баатрууд болдог ажээ...
Үлгэрийн цаг” нь Лоринэт сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд “Ирээдүйнх нь төлөө 15 минут” уриан дор хэрэгжиж буй олон нийтийн нөлөөллийн аян билээ.
Төслийн хүрээнд 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчдэд хүүхэдтэйгээ хамт ном унших соёлыг түгээх зорилготой ажиллаж байна.