Хүүхдэд төрснөөс нь хойш ном унших нь ямар ач холбогдолтой гээч?

Үнэгхэн
/
2022-06-15

Хүүхэд суралцахад бэлэн төрсөн байдаг. Ээж ямар үнэртэй вэ? Миний нүдний өмнө байгаа тэр бүдэгхэн дүрс юу вэ? Аавын гаргадаг хөгжилтэй авианууд юу юм бол?

Таны хүүхэд таны хэлж буй үгийг ойлгохгүй байсан ч унших үйл явц бүх мэдрэхүйг нь ажиллуулдаг.

Тэгвэл хүүхэдтэйгээ хамт ном унших нь нялх хүүхдэд мэдрэхүйгээ ашиглан ертөнцийг танин мэдэхэд нь тусалдаг. Таны хүүхэд таны хэлж буй үгийг ойлгохгүй байсан ч унших үйл явц бүх мэдрэхүйг нь ажиллуулдаг. Тиймээс, хүүхдэд төрснөөс нь эхлээд л ном уншиж өгөх нь тархины хөгжлийг өдөөж, хүн болох явцад нь ихээхэн эергээр нөлөөлдөг байна.

Гэр бүлийн бужигнасан амьдрал дунд цаг зав гаргаж амжихгүй байх, ном яаж уншиж өгөх учраа олохгүй байх зэрэг шалтгаануудын улмаас хүүхдэдээ ном уншиж өгдөг гэр бүл цөөхөн. Үүнээс гадна ихэнх эцэг эхчүүд ном унших нь зөвхөн сургуулийн насны хүүхдэд тохиромжтой гэсэн буруу ойлголттой байдаг. Гэтэл 0-5 насны хүүхдэд ном уншиж өгөх нь хүүхдэдээ өгч болох хамгийн том бэлэг

Ихэнх эцэг эхчүүд ном унших нь зөвхөн сургуулийн насны хүүхдэд тохиромжтой гэсэн буруу ойлголттой байдаг.

Хүүхдэд тогтмол ном уншиж өгөх нь эцэг эх хүүхдийн хооронд бат бөх харилцааг үүсгэдэг. Хамтдаа ном унших дуртай гэр бүлд харилцан ярилцах, хамтдаа цагийг өнгөрүүлэх зэргээр дотно харилцааг бий болгоход тусалдаг байна.

Үүнээс гадна ном унших нь хүүхдийн харилцааны болон сонсох чадварыг хөгжүүлэх, үгсийн санг баяжуулж, ой тогтоолтыг сайжруулах зэрэг олон талаараа хүүхдийн хөгжилд тустай. Нэмж дурдахад ном нь таны хүүхдийг амьдарч буй ертөнц, тоо, өнгө, үсэг, дүрс гэх мэт ойлголтууд, цаашлаад хайр хүрэх, баярлах, догдлох, гомдох, гуниглах, гашуудах, уурлах гэх мэт сэтгэл хөдлөлүүдээ ойлгож, зөвөөр удирдах тухай ч мэдлэг олгодог. Эдгээр нь бүгд л хүүхдийг сургуульд бэлтгэж байгаа бөгөөд улмаар сэргэлэн, өөртөө итгэлтэй, зөв харилцаатай, бүтээлч, ухаантай хүн болж төлөвшин сургууль болон ирээдүйн амьдралд амжилттай байх боломжийг нь бүрдүүлдэг.

Бага насны хүүхэд ялангуя 0-5 настай хүүхэд цэх суугаад нэг юманд удаан хугацаагаар анхаарлаа хандуулах нь маш хэцүү зүйл юм.

Номын тухай эерэг хандлагатай болсноор хүүхэд тань ном унших дуртай, номын үнэ цэнийг мэддэг хүн болж өсөж торних юм.

Энэ насан дээр хүүхэд үсэрч хариаж тоглоомоор тоглохыг илүүд үзнэ гэж бодож байж магадгүй. Тэгвэл эцэг, эх, асран хамгаалагчид бид бүхэн ном уншиж өгөх ач холбогдлын тухай илүү их мэдлэгтэй болж, хүүхдэдээ номыг илүү сонирхолтой, хөгжилтэй байдлаар уншиж өгдөг болсноор хүүхэд тань номын тухай эерэг хандлагатай болох юм. Номын тухай эерэг хандлагатай болсноор хүүхэд тань ном унших дуртай, номын үнэ цэнийг мэддэг хүн болж өсөж торних юм.

Тиймээс та бага насны хүүхэдтэйгээ хамт өдөр бүр дор хаяж 15 минут ном уншиж, ирээдүйд нь хөрөнгө оруулаарай.

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.