ЗАРЛАЛ

/
2024-01-15



ҮЛГЭРЧ ҮНЭГ - ХҮҮХДИЙН ШИЛДЭГ ЗУРАГТ НОМ ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төсөл нь эцэг эх, асран хамгаалагч, багш нараар дамжуулан хүүхдийг бага наснаас нь номтой нөхөрлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хүүхдэд ном уншиж өгөхийн ач холбогдлыг ойлгуулан таниулж, улмаар сургуулийн өмнөх буюу 0-5 насны хүүхдийн хөгжлийг номоор дамжуулан дэмжих зорилготой.
Хамтдаа уншицгаая төслийн хүрээнд хүүхдийн номын зохиолч, зураачдыг дэмжих, Монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шилдэг зурагт ном шалгаруулах “Үлгэрч үнэгхэн” арга хэмжээг санаачлан анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээг хоёр жил тутамд зохион байгуулна.
Шилдэг зурагт номыг дараах төрлөөр шалгаруулна. Үүнд:

1. Шилдэг зурагт ном
Уран сэтгэмж, төсөөллийн ертөнцөөр аялуулах сонирхолтой зохиомж бүхий зурагт
номыг шалгаруулах бөгөөд зураг зохиол хоёрын зохицол, харилцан нэгнээ нөхөж
буй байдал, өөрийн дуу хоолой, зураг дүрслэлээр бусдаас ялгарч байгаа эсэхийг нь
харгалзан үнэлнэ.

2. Шилдэг зураглал
Бага насны хүүхдүүд аливааг харааны мэдрэхүйгээрээ илүүтэй хүртдэг бөгөөд
номтой зургаар дамжуулан анх танилцдаг. Тиймээс зөвхөн зохиолын дагуу номыг
зурагжуулах бус зураг дүрслэлээр өөр нэгэн түүхийг өгүүлж болохуйц баялаг
зураглалтай номыг энэ төрөлд шалгаруулна.

3. Шилдэг зохиол
Хөгжилтэй, сонирхолтой үйл явдал, сэтгэлд хоногшихуйц дүрүүдээр дамжуулан ер
бусын түүх өгүүлж буй номыг хүүхдүүд шимтэн унших нь элбэг. Тиймээс зохиолын
чанар, бичигдсэн байдал, хэл найруулгын хувьд бага насны хүүхдэд тохирсон
эсэхийг харгалзан үнэлнэ. Танин мэдэхүйн номын хувьд мэдээллээ товч тодорхой,
сонирхолтой хэлбэрээр хүргэж байгаа эсэхийг нь харгалзан үзнэ.

4. Шилдэг шинэ зурагт ном (уран бүтээлчийн гаргасан анхны ном байх)
Анх удаа хүүхдийн зурагт ном гаргасан авьяаслаг зураач эсвэл зохиолчийг
урамшуулах, цаашид уран бүтээлээ улам чанаржуулан хүүхдийн номын
хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулахад нь дэмжлэг
үзүүлэх зорилготой шагнал юм. Шалгуур нь дээрх төрлүүдтэй адил байна.

5. Шилдэг хэвлэгдээгүй зурагт ном
Сонирхолтой ном бүтээсэн ч хараахан хэвлүүлж амжаагүй байгаа уран бүтээлчдийг
дэмжих зорилготой шагнал бөгөөд шалгуур нь дээрх төрлүүдтэй адил байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Зөвхөн Монгол зохиолч, зураач, эсвэл хэвлэлийн газар бүтээлээ илгээх боломжтой;
• Орчуулгын бус ном байх бөгөөд сүүлийн гурван жилийн дотор Монгол хэлээр хэвлэгдсэн байх (хамрах хугацаа: 2021-2023);
• Насны ангиллын хувьд 0-5 болон 5+ насны хүүхдүүдэд тохиромжтой зурагт ном байх;
• Нэг номыг хоёр хүртэлх төрөлд нэр дэвшүүлэх боломжтой.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Ангилал тус бүрд нэг шилдэг бүтээлийг шалгаруулна. Шалгаруулалтыг хүүхдийн номын зохиолч, зураач, номын санч, уншигч эцэг эхийн төлөөлөл, утга зохиол судлаач, бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн зэрэг олон талын мэдлэг, туршлагатай хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн баг хийж гүйцэтгэнэ. Үнэлгээний шат эхлэхээс өмнө шүүгчдийн багийг олон нийтэд нээлттэй танилцуулна.


БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ
Шилдэг зурагт ном шалгаруулах арга хэмжээний бүртгэлийг цахимаар хүлээн авна. Энэ линкээр орж маягтыг бүрэн бөглөж явуулах ба нэр дэвшүүлж буй номоо цахимаар хавсаргана. Мөн номын нэг хувийг хэвлэмэл байдлаар Азийн сангийн “Хамтдаа уншицгаая” төсөлд хаяглан дараах хаягаар хүргүүлнэ:

Азийн сан
Ориент плаза, 3-р давхар
Г.Чагдаржавын гудамж-9
1-р хороо, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар хот, Монгол улс


ХУГАЦАА
Бүтээл хүлээн авч эхлэх огноо: 2024 оны 01-р сарын 15-ны өдөр
Бүтээл хүлээн авах сүүлийн огноо: 2024 оны 03-р сарын 01-ний өдөр
Ёслолын арга хэмжээ болох огноо: 2024 оны 04-р сарын 25-ны өдөр

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.