Дөнгөж төрсөн хүүхэд ном барьж чаддаггүй, цагаан толгойн үсгүүдийг мэддэггүй ч гэсэн номны гайхамшгийг тэдэнд танилцуулахад хэзээ ч эрт байдаггүй. Үнэн хэрэгтээ хүүхдэдээ ном уншиж өгөх нь хэл ярианы хөгжилд шаардлагатай суурь нь болж өгөхөөс гадна нийгмийн болон сэтгэл хөдлөлийн чадваруудыг багаас нь хөгжүүлэхэд шаардлагатай хэрэгслээр хангадаг.
Энгийн бөгөөд тод зурагтай нялх хүүхдэд тохиромжтой зөөлөн материалаар хийсэн номнуудыг сонгоорой гэж Үнэгхэн нь та бүхэнд зөвлөж байна.
Бага насны хүүхдэд тохиромжтой маш олон сонирхолтой номнууд бий. Тэр дундаас энгийн бөгөөд тод зурагтай нялх хүүхдэд тохиромжтой зөөлөн материалаар хийсэн номнуудыг сонгоорой гэж Үнэгхэн нь та бүхэнд зөвлөж байна. Та бүхэн өөрсдийнхөө бага насандаа уншдаг байсан номуудаа ч уншиж өгч болно.
Доорх зөвлөмжүүд нь бага насны хүүхэдтэй (0-6 сартай) эцэг эхчүүдэд ном уншиж өгөх хялбар бөгөөд хөгжилтэй аргуудыг танилцуулах болно:
1. Та хүүхдээ тэврээд хамтдаа ном үзэхэд хүүхэд тань таны дууг сонсохоос гадна уншиж өгч буй үлгэрийг сонсоод таатай мэдрэмж авах болно. Ном үзэж байхдаа тантай хамт аюулгүй, тав тухтай мэдрэмжийг авах нь таны хүүхдийн өөртөө итгэх итгэл, үлгэр сонсох сонирхлыг бий болгодог.
2. Хүүхдэд насны ангилалд нь тохирсон ном сонгох нь маш чухал. Хурц, тод өнгийн зурагтай номууд нь бага насны хүүхдэд харахад илүү хялбар бөгөөд анхаарлыг нь татах болно. Даавуу эсвэл зөөлөн материалаар хийсэн ном, эсвэл бат бөх зузаан цаасан хуудас бүхий ном харьцаж, хүрч, барихад илүү хялбар байдаг.
3. Номыг хөгжилтэй байдлаар уншихыг хичээгээрэй. Олон төрлийн дуу авиа гаргаж, үг бүрийг нь давтаж хэлснээр хүүхдийн тархины хөгжилд эергээр нөлөөлөх болно.
4. Бага насны хүүхдэд ном уншиж өгөхдөө номоо дуусгах, тэр байтугай хуудсыг зөв эргүүлэх тал дээр санаа зовох хэрэггүй. Номтой яг л тоглоом шиг тоглож, өдрийнхөө 15 минутыг зарцуулан хамт ном уншиснаар ирээдүйд нь маш том хувь нэмэр оруулах болно.