Монголын хүүхдийн уран зохиолыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах уран бүтээлчдийг чадавхижууллаа

/
2023-11-16

Шинэ ном авах бүрдээ хүүхдүүд хэчнээн их догдолдгийг эцэг, эх асран хамгаалагч бүр мэдэх байх. Өгүүлж буй түүх, сэтгэл татам зураглал, давтамж, шүлэглэл гээд сайн ном уншигчаа олон талаар татах шидтэй. Бид номын үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгож, зохиолч зураачдын авъяасыг хэрэндээ үнэлэх ч сайн чанартай хүүхдийн ном бүтээхэд бодох, төлөвлөх, санаагаа хөгжүүлэх гээд хичнээн их цаг хугацаа, нөр их хөдөлмөр ордгийг төдийлэн сайн мэддэггүй билээ.

Сайн ном бүтээх үйл явц зөвхөн зураач, зохиолчдын хамтын ажиллагаагаар хязгаарлагддаггүй. Үүнд тус салбарт ажилладаг олон талуудын оролцоо, цогц экосистем шаардлагатай. Тухайлбал, тухайн номыг эрхлэн гаргах уран сайхны захирал, редакторууд, харилцан нэгнээ дэмжиж, санал бодлоо хуваалцах уран бүтээлчдийн хүрээлэл, уран бүтээлчдийн эрсдэлийг хуваалцаж санааг нь бодит бүтээл болгон зах зээлд нийлүүлэх хэвлэлийн компаниуд тус экосистемийг бүрдүүлдэг.

Зарим улс орнуудын хувьд тухайн улсын хэлээр ярьдаг хүмүүсийн тоо бага буюу хүн ам цөөтэйн улмаас энэхүү экосистем төдийлөн сайн хөгжөөгүй хэвээр. Тухайлбал, Монгол улсын хувьд бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр боловч 3.5 сая гаруйхан хүн амтай жижиг зах зээл учраас томд тооцогдох хэвлэлийн газрууд ч хүүхдийн уран зохиол туурвих бүтээлч экосистемд хангалттай хөрөнгө оруулж чадахгүй байна. Гэвч өөрийн эх хэлээр ном зохиол унших нь хүүхдэд нэн чухал төдийгүй өөрийн амьдралын хэв маяг, орчин нөхцөлтэй төсөөтэй зүйлсийг номоос олж харах хэрэгцээ хүүхэд бүрд байдаг.

Азийн сангийн Let’s Read цахим номын сан Азийн олон орны эх хэл дээрх номын хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна өөрийн бүтээлээ бяцхан уншигчдад танилцуулах боломжийг уран бүтээлчдэд олгосоор байна. Монгол улсын хувьд Азийн сан цахим номын сангаар дамжуулан Монгол хэл дээрх хүүхдийн номын хүртээмжийг нэмэгдүүлэхийн сацуу хүүхдийн номын зохиолч, зураачдад зориулсан феллоушип хөтөлбөрийг гурван сарын турш хэрэгжүүллээ. Хөтөлбөрийг Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Хамтдаа уншицгаая төслийн хүрээнд зохион байгуулсан юм.

Энэхүү феллоушип хөтөлбөр нь Монголын хүүхдийн номын салбарт ажиллаж буй зохиолч, зураач, уран бүтээлчдэд оруулсан хөрөнгө оруулалт байв. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдын ур чадварыг сайжруулахын зэрэгцээ зохиолч, зураач, хэвлэлийн салбарын мэргэжилтнүүдэд харилцан санал солилцох боломж олгож улмаар хөтөлбөрөөс хэд хэдэн шинэ ном амжилттай төрөн гарсан юм.

Гурван сарын турш үргэлжилсэн хөтөлбөрийн хүрээнд оролцогчид лекц, цахим болон танхимын сургалтуудад хамрагдахын зэрэгцээ багаар ажиллаж, бие биеийнхээ бүтээлд санал, шүүмж өгөв. Монголын болон гадаадын уран бүтээлчид тэр дундаа Грэйс Лин, Марианна Дюбюк, Крис Хоотон зэрэг шагналт зохиолч, зураачид хүүхдийн ном туурвих өөрсдийн арга барилаас хуваалцан уран бүтээлчийн хувьд өсөж хөгжих, бүтээлээ сайжруулахад нь тус болох арга, туршлагаасаа оролцогчидтой хуваалцсан юм.

Хүүхдийн зохиолч Катрина Гоулдсайто (Аниргүйн чимээ) Монголд ирж оролцогчидтой ажилласан бөгөөд номын санаагаа цаасан дээр буулгаж, эх нооргоо боловсруулах сургалтыг удирдан явуулсан. Тэрээр  зохиолын үндсэн элементүүдийг задлан авч үзэж оролцогч бүрд зөвхөн өөрийн л өгүүлж чадах тэр түүхээ бичихэд нь туслан, зөвлөж ажилласан юм.  

Enchanted Lion Books хэвлэлийн газрын редактор, уран сайхны захирал Клаудиа Бэдрик мөн Монголд ирж оролцогч бүрийн уран бүтээлтэй танилцаж, хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан эх ноорогт нь санал шүүмж өгч, цаашид хэрхэх талаар зөвлөгөө өгснөөр хөтөлбөр албан ёсоор дуусгавар болсон.  

Өвөө эмээтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацааны дурсамж, гэрийн тэжээвэр амьтнаа алдсан охины түүх, хүүхдээ цэцэрлэгт бэлтгэх тухай, бага насны сониуч зан түүний ач холбогдол гэхчлэн хөтөлбөрийн үеэр бүтсэн номууд сэдэв, дүр, бичвэрийн хэв маяг зэргээрээ тун баялаг байв. Ном бүр дахин давтагдашгүй өөрийн онцлогтой ч оролцогч бүр өөрийн амьдралын түүх, дурсамжаас санаа аван зохиолоо бичсэн нь тэдний бүтээлийн нэгэн нийтлэг шинж байсныг энд онцолъё.

Хөтөлбөрийн явцад бүтсэн номууд эхнээсээ хэвлэлтээс гарч уран бүтээлчид маань тасралтгүй бүтээж, туурвисаар харин бид оролцогчдынхоо дараа дараагийн бүтээлүүдийг тэсэн ядан хүлээсээр байна.

Энд дарж хүүхдийн ном бүтээх феллоушип хөтөлбөрийн богино бичлэгийг үзнэ үү.

Бидэнтэй хамтарч ажиллах уу?

Биднээс асуух зүйл эсвэл хамтран ажиллах хүсэлтээ илгээмжээр үлдээгээрэй.

Хүсэлт явуулсан танд баярлалаа! Тантай тун удахгүй холбогдох болно.
Алдаа гарлаа. Та дахин оролдож үзнэ үү.