Би гэргий Юүритэйгээ 2009 онд гэрлэсэн. Одоо бид таван настай охинтой.
Аль ч хосын хувьд гэр бүлийн үүрэг хуваарилалт тун чухал. Хосууд аливаа асуудлыг даван туулахад ямагт бие биедээ шударга хандаж, хамтдаа байх хэрэгтэй болов уу. Үүний адилаар бид олон зүйл дээр харилцан үүрэг хүлээдэг. Эхнэр маань хоолоо хийвэл би аяга тавгаа угаана. Намайг хоол хийсэн үед манай эхнэр аягаа угаана гэх зэргээр гэрийн ажлуудаа хамтарч хийхийг хичээдэг юм.
Эцэг эхийн үүрэг хуваарилалтын тухайд манай эхнэр өглөө, би ихэнхдээ оройн цагаар охиндоо цаг гаргадаг. Намайг ажилдаа бэлдэж байх зуур эхнэр маань өдрийн хоолоо бэлдэх, охиноо хувцаслах, үсийг нь самнах зэргээр цэцэрлэгт нь бэлддэг бол би оройн цагаар охиноо унтуулахад санаа тавина.
Манай гэр бүлийн өглөө охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхэлнэ. Бид замын ид ачааллаас өмнө буюу долоон цаг гэхэд хөдлөх хэрэгтэй учраас өглөөдөө ихэвчлэн зургаан цагаас босдог. Сүүлийн үед ийм шалтгаанаар өглөөний цайгаа охиныхоо цэцэрлэгийн кафед ууж хэвшээд байгаа. Энэ үеэр бид илүү дотно ярилцаж, сонин сайхнаа хуваалцдаг.
Бидний хувьд унтахын өмнөх уншлагын цаг хамгийн үнэ цэнтэй, чухал үеүдийн нэг. Тиймээс оройдоо ном уншихад 30-45 минутыг заавал зарцуулдаг. Энэ ташрамд хэлэхэд хүүхдийг балчир гэлтгүй төрсөн цагаас нь эхлээд ном уншиж өгч байгаарай. Тэдний 80 орчим хувийнх нь тархины хөгжил 0-3 насан дээрээ эрчимтэй явагддаг учраас тухайн үед нь уншиж, ярилцаж байсан зүйлс үлдсэн амьдралд нь ч нөлөөлдөг. Үүнээс гадна хүүхэдтэйгээ нандин холбоог бий болгож, утга учиртай цагийг хамтдаа бүтээхэд ном уншихаас өөр ид шидтэй зүйл үгүй.
Мэдээж уншлагын цаг бол бидний хамгийн сайн техник. Зөвхөн охинд маань хэрэгтэйгээс илүүтэй миний хувьд ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах сайн арга болдог. Ялангуяа ажлаасаа болж ядарч, стресстсэн үед хүүхдэдээ ном уншиж өгвөл амар тайвныг мэдэрдэг дээ.
Түүнчлэн бид охиныхоо маш сайн сонсогч байхыг хичээдэг. Хэдийгээр эцэг эхчүүд бид эцсийн шийдвэрийг гаргадаг ч тухайн шийдэлд хүүхдийн оролцоо ч чухал гэдгийг мэдрүүлэх нь зүйтэй. Тиймээс бид өөрсдөдөө төрж буй мэдрэмжээ илэрхийлж, тогтмол ярилцдаг. Ихэвчлэн оройн хоолны үеэр тухайн өдрийнхөө онцлох нэг үйл явдлыг бие биедээ заавал ярьж өгнө.
Мөн эхнэр бид хоёр үр дүнгээс илүү үйл явцад нь төвлөрдөг. Жишээ нь, охин маань төгөлдөр хуур тоглоод заавал амжилтад хүрэх албагүй. Гагцхүү тэрхүү зүйлээ өдөр бүр хичээнгүйлэн давтаж байгаа нь л чухал. Аливааг тогтмол хийх дадал, хүсэл эрмэлзэлтэй байх нь магадгүй манай эхнэрийн япон хүмүүжилтэй нь холбоотой болов уу.
4. ТАНАЙ ГЭРИЙНХНИЙ ДУРТАЙ ХҮҮХДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ХҮҮХДИЙН/ГЭР БҮЛИЙН КОНТЕНТ?
Бид бэлэн тоглоом худалдан авахаас аль болох зайлсхийж, барьж байгуулах, эвлүүлж босгох тоглоомуудыг сонгодог. Энэ төрлийн тоглоомууд нь төсөөлөн бодох чадвар болон бүтээлч байдлыг нэгэн зэрэг гаргадаг учраас тун үр дүнтэй.
Түүнчлэн гэрийнхээ өнцөг булан бүрд маркер, харандаа зэргийг охиныхоо гар хүрэх газар тавьж, өөрийгөө бүрэн илэрхийлэхэд нь дөхөм болдог. Одоогоор сайн бичиж сураагүй тул зургаар дамжуулан тухайн өдрийнхөө онцлох зүйлс, төсөөллөө бидэнтэй хуваалцдаг юм.
5. ХҮҮХЭДТЭЙ БОЛСНООР ТАНЫ АЖЛЫН АРГА БАРИЛ, ҮЗЭЛ БОДОЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Бүх л зүйлийг өөрчилсөн. Ажлаас болж уурлаж бухимдах, гуньж гутрах зүйл бишгүй л тохиолддог. Тэр үед хүүхэдтэйгээ хамт хэсэгхэн цагийг өнгөрүүлэхэд л амьдралынхаа чухал зүйлсийг эргэн олж хардаг.
Хэчнээн ажил ихтэй байсан ч 17 цагт бүх ажлаа зогсоогоод 21 цаг хүртэл охинтойгоо хамт байхыг хичээнэ. Энэ бол зайлшгүй байх ёстой цаг. Хэрэв дуусгах ёстой ажлууд үлдвэл 21 цагаас хойш төвлөрч суудаг.
Эхнэр бид хоёр ямар ч үед бие биедээ түшигтэй байж, хань болохыг хичээдэг. Хэн нэгэнд маань тусламж хэрэгтэй үед үргэлж аргаа олно. Ихэвчлэн гадуур болзоонд явдаг. Мэдээж охинтойгоо хамт цагийг өнгөрүүлэх нь юутай ч зүйрлэшгүй сайн амралт болно.
Цаг зав гарвал усанд сэлж, дугуй унах дуртай. Сайн роман, зохиол унших нь ч бас сайхан амралт болдгийг дурдах нь зүйтэй байх.
Аав байна гэдэг энгийн хэр нь бэрх үүрэг шүү. Үр хүүхдэдээ байнга анхаарал тавьж, цаг зав гарган тэвчээртэй байх учиртай ч биелүүлэхэд хэцүү. Өөрөө өөртөө тавьсан хүлээлтдээ хүрч чадахгүй байх нь таатай мэдрэмж биш. Гагцхүү ийм үед ямагт чамайг дэмждэг, үнэн байдлыг чинь учирлан хэлдэг хэн нэгэнтэй байх хэрэгтэй. Хүүхэд өсгөх явцад чиний эргэн тойронд байгаа хэн бүхэнтэй санал бодлоо солилцож, үнэнч шударгаар харилцах нь бидний юу хийх ёстойг хэлээд өгдөг. Миний хувьд тэр хүн нь миний эхнэр.
Охиныхоо өсөж хөгжиж буйг харахад хэзээд таатай санагддаг. Хорвоо ертөнцийг надаас өөр өнцгөөс харж, танин мэдэж байгаа нь үнэхээр сэтгэл хөдлөм.
Санаанаас гардаггүй түүний нэгэн өхөөрдөм дурсамж байдаг юм. Бидний уншиж байсан “Goodnight Moon” номоос тэр сарны тухай анх мэдэж авч байлаа. Хэзээ хойно нэг орой машинтай явж байхад тэр анх удаа шөнийн тэнгэр дэх сарыг олж хараад “Сар” гэж хэлсэн. Номоос харсан зүйлээ бодит амьдрал дээр олж үзээд хэчнээн их баяртай байсан гээч.
Мөн түүний бусдыг ойлгох гэсэн хүсэл, бусдын оронд өөрийгөө тавих гэсэн сэтгэл нь бахархмаар шүү.
Юун түрүүнд надад тохирсон арга барил танд таарах албагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь хүүхэд бүр өөрсдийн онцлогтой өвөрмөц бүтээлүүд. Хэн нэгний өгсөн зөвлөгөө, туршлагаас суралцаж, өөрсдөдөө тохирох арга барилыг бий болгох нь чухал гэж хэлмээр байна. Түүнчлэн зөв эсвэл буруу шийдвэр гэх ойлголт бидний амьдралын энгийн бөгөөд цөөн зүйлс дээр л гардаг. Ямар ч шийдвэр гаргасан тухайн нөхцөл байдалд хамгийн тохирсныг нь сонгосон байж таарна. Тиймээс бусдын туршлагаас суралцахыг хичээх нь зөв ч ижил үр дүн хүлээх хэрэггүй юм билээ.
Аз жаргалтай нэгэн болоосой гэж хүсдэг. Хүнийг аз жаргалд хөтөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол сониуч байдал болон сайхан сэтгэл байх. Охиныгоо энэ хорвоо ертөнцийг сонирхож, хүмүүний сэтгэл мэдрэмжийг ойлгохын төлөө сониуч нэгэн байж, амьдралын үзэсгэлэнтэй талыг нь олж хараасай гэж хүсэж байна. Харин сайхан сэтгэлтэй байх нь насан туршийн аялал. Эцэг эхчүүд бид үр хүүхдээсээ янз бүрийн зүйл шаарддаг ч өөрсдөө хамгийн том толь нь байдаг гэдгийг бүү мартаарай. Бидний гаргаж буй үйлдэл бүр ирээдүйд хэн болж төлөвшихөд нь нөлөөлж байдаг.
"Хамтдаа уншицгаая"